ЕБС-ийн
2011-03-15
Mongoliin ezent gvren
Монголын эзэнт гүрэн
Эцгийг нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын Тайчууд, Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1203 онд Хэрэйд, 1205 онд Найман аймгийг бут цохин, Онгуд, Мангуд аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр үеэс Монголчууд улам бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг Монголын овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв.
Монголын эзэнт гүрэн улам өргөжин Евразийн өнцөг булан бүрт тэдний морин туурай хүрсэн хэдий ч Дундад Ази болон Иран, Кипчакын өндөрлөг зэргээр тархсан Монголчууд Түрэгүүдийн нөлөөнд орж, Исламын шашинд шүтэх болсноор уугуул нутаг дахь Монголчуудтайгаа үндэстний хувьд улам бүр холдсон байна.
Эзэнт гүрний үед Монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, түмэн хэлийн урчууд, эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа. Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь XVI зууны үед Түмэдийн Алтан хан Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг.
Монголын эзэнт гүрний уналтын дараах Монгол үндэстэн
Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс 1368 онд Хятад дахь ноёрхлоо алдсанаар их хаадын үе дуусч, улмаар Ойрадууд хүчирхэгжин эзэнт гүрэнд "Дөрвөн Түмэн Ойрд", "Дөчин Түмэн Монгол" хэмээх хоёр туйлт хүч үүсч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна.
Ийнхүү Монгол гүрэн Ойрад болон Минь, Дундад Азийн Исламын шашинт үндэстэн болох Казах, Исламжсан Монгол үндэстний улс болох Моголистан зэрэг улсуудтай тэмцэлдэн оршин тогтносоор байсан боловч XVII зуунд ээлж дараалан Манжуудын байгуулсан Чинь гүрэнд дагаар орон, эцэст нь Ойрадуудын байгуулсан улс болох Зүүнгар нь XVIII зуунд Чингийн эрхшээлд орсноор Монгол улс тусгаар тогтнолоо алдсан байна.
XX зууны эхээр Чинь улс унахад Манжийн ноёрхол харьцангуй зөөлөн байсан Ар Монголын Халхууд тусгаар тогтнолоо зарлан Монгол улсыг тунхагласан байна. Гэвч Өвөр Монголчууд Хятадын ноёрхлоос ангижирч чадалгүй үлдсэн бөгөөд өдгөө Өвөр Монголын Өөртөө Засах Орон болжээ.
Он тоолол
1206 он – Чингис хаан Монголын тал хээрийн аймгуудыг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг байгуулав.
1234 он - Зүрчидийн Алтан улсыг бут цохив.
1240 он - Монголын нууц товчоо бичигдсэн.
1271 он - Хубилай хаан нийслэлийг Хархорумаас Бээжинд шилжүүлж, улсынхаа нэрийг Юань болгож өөрчлөв.
1368 он - Юань гүрэн мөхөж, Монголчууд уугуул нутагтаа буцаж ирэв.
1636 он - Өвөр Монгол Чин гүрний хараанд оров.
1691 он - Ар Монгол Чин гүрэнд дагаар орсон.
1911 он - Богд Хаант Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглав.
1915 он - Хиагтад болсон Гурван улсын хэлэлцээрээр Ар Монголыг Хятадын харьяаны өөртөө засан тохинох улс хэмээн тулган хүлээлгэв.
1921 он - Үндэсний хувьсгал.
1924 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглав.
1939 он - Халх голын дайн.
1945 он - Чөлөөлөх дайн.
1947 он - Өвөр Монголын Өөртөө Засах Орон бий болсон.
1961 он - НҮБ-д элсэв.
1992 он - Шинэ Үндсэн Хууль баталж, ардчилсан тогтолцоонд шилжин, улсын нэрийг Монгол Улс болгож өөрчлөв.
2006 он - Их Монгол улс байгууладсаны 800 жилийн ойг тэмдэглэв.
Бичсэн: zolzaya | цаг: 17:56 |
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: