ЕБС-ийн
2011-03-20
Охиныхоо хамгийн сайн найз нь ээж нь байх ёстой
Эцэг эхчүүдэд зориулав.
Охидын эцэг эх байх гэдэг үнэхээр амаргүй байдаг. Тэр дундаа ээжүүд бид нар энэ насыг тойрч гараагүй дайрч өнгөрсөн хэдий ч заримдаа охиныгоо ойлгохгүй байх үе ч цөөнгүй гардаг шүү дээ. Тэр ч бүү хэл хамгийн хайртай даруухан охин нь хүртэл төрөл арилжсан мэт болж ааш зан, биеэ авч яваа байдал, хувцаслалт нь ч хүртэл эрс өөрчлөгдсөнийг хараад учрыг нь ойлгоход бэрх болдог.

Түүгээр ч зогсохгүй орой үдшийн цагаар их явдаг болж заримдаа гэр орондоо хонож өнжихгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед мэдээж хэрэг ээж та санаа зовж, уурлаж бухимдан улмаар байж суух аргагүй болдог. Ингэх нь арга ч үгүй биз.

Ер нь охин хүүхдийн учрыг олж дотоод сэтгэлийн гүн уруу нь нэвтэрч орно гэдэг тийм ч амар зүйл биш юм. Гэхдээ иймэрхүү зүйлд аль болох тайван байж ухаалаг хандах хэрэгтэй. Учир нь шилжилтийн насны үед ямар ч хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болж хаашаа л бол хаашаа салхилж, оньсого мэт хэний ч санаанд оромгүй үйлдлийг хийж эцэг эхээ гайхшруулах нь олонтоо байдаг.

Гэхдээ охин хүүхдийн хувьд иймэрхүү асуудал нь ээжүүдэд маань маш хүндээр тусдаг. Тэгвэл энэ үед ээж та яах ёстой вэ?

- Охинтойгоо хатуу ширүүн харьцаж болохгүй. Ингэх нь өөрөөсөө түүнийг улам хөндийрүүлэх болно.

- Юуны өмнө охиныхоо ээж байхаас илүүтэйгээр хамгийн сайн дотны анд найз нь болох хэрэгтэй.

- Охиныхоо үерхэж нөхөрлөж буй найз нөхдийнх нь тал дээр анхаарч, тэднийг нь судалж үзэх хэрэгтэй.

- Ямар нэгэн таагүй зүйлээс болж сэтгэл санаагаар унасан хийгээд бодлогоширч суусан үед нь охинтойгоо аль болох ойр байж болсон явдлынх нь талаар маш эвтэйхэн, болгоомжтой асууж зөвлөгөө өгч асуудлыг нь шийдэхэд туслах хэрэгтэй.

- Охин хүүхэд гэдэг угаасаа л чих зөөлөнтэй нэгэн байдаг. Иймд түүний алдаа дутагдлыг эвээр засч залруулж болдог.

- Тэдний сэтгэл зүй нь маш эмзэг, туяхан байдаг тул халуун дулаан үгээр тэтгэж, урмын үг хайрлаж байх хэрэгтэй.
Сэтгэгдэл: