ЕБС-ийн
2011-03-20
бие даалт
11р ангийн нийгмийн тухай мэдлэг хичээлийн олимпиадад бэлтгэж буй сурагчдад зориулав.
Фалесийг барууны анхны гүн ухаантан, философийн ухааны эцэг гэдэг. Харин Анаксимандр (МЭӨ 610-546) бүтээлээ бичиж үлдээсэн анхны гүн ухаантан төдийгүй анхны метафизикч байсныг мэдэх хүн цөөн. Тэрбээр байгалийн хүчинд сүрдсэн цаг үеийнхээ олон мэргэдээс зөрж, физикийн хуулийг ойлгохыг хичээн олон арван туршилт, ажиглалт хийсэн тул түүхэн дэх хамгийн анхны жинхэнэ эрдэмтэн гэгдэж үлджээ.

Ойролцоогоор нийтийн тооллын өмнөх 610 онд Милет хотод (өнөөгийн Туркийн нутаг буй) мэндэлсэн Анаксимандр материалист үзэл хандлагаараа алдартай Милетийн сургуулийнхний нэг байв. Милетийнхэн далайн аялалд гарамгай улс байсны адил Анаксимандр ч олон газраар аялсан байх талтай. Тэр үеийн гүн ухаантнууд улстөрд холбогдох нь их байсан жишгээр Анаксимандр Ионий эргийн Апполоний колонийн захирагч байжээ. Анаксимандрын амьдралын тухайд орчин цагийн бид тун бага мэднэ. Түүний үзэл санаа бусдын бүтээлээр л хойч үеийнхэнд өвлөгдөн иржээ.

“Байгалийн тухайд” ном нь барууны ертөнцийн гүн ухааны анхны бүтээл гэгддэг ч Анаксимандрын өөрийн гараар бичсэн хоёрхон өгүүлбэр л бидний үед хүрсэн байна. Бүх юм эхлэлтэй байдгийн адилаар бүгд устаж үгүй болох нь ертөнцийн эмх цэгц. Эмх цэгцийн дагуу нэг зүйлд оноох шийтгэлийг Гэмт хэргийн шийтгэлтэй эгээ адилаар нөгөөгийн дараа гүйцэтгэнэ, Гүйцэтгэлийг цаг хугацааны хуульд тааруулж үйлдэнэ. (Анаксимандр үзэл санаагаа шүлэг хэлбэрээр бичдэг байсан тул ийн сийрүүлэв) Энэхүү хэсэгхэн хоёр бичвэр барууны гүн ухаанд тун алдартай бөгөөд олонтаа дурдагддаг. Үүнийг нийтийн тооллын VI зууны Византийн гүн ухаантан Сицилийн Симплиций (МЭ 490-560) хүртэл эш татсан нь бий. Сонирхолтой нь, Платоны үед Анаксимандр Грек нутагтаа бараг мартагдсан байжээ.

Гагцхүү Аристотель нар түүний үзэл санааг дахин хэлэлцэж эхэлсэн нь азтай хэрэг. Анаксимандр амьдралын мөн чанарыг эргэцүүлэхээс гадна байгалийн үзэгдэл, од эрхсийг тайлбарлах гэж оролджээ. Тэрбээр аянга, цахилгаан зэрэг байгалийн үзэгдлийг бурхдын нөлөөнөөс хамааралгүй гэж үзсэн цаг үеийнхээ бараг анхны сэхээтэн байв. Тэрбээр аянгыг үүлний “харшилдаанаас” үүсдэг, дуу нь мөнөөх харшилдах хүчний сул, чангаас шууд хамааралтай гэж үзсэн байна. Энэ нь тухайн цагтаа тун зоримог тунхаглал байсан юм. Тэрбээр таамгийн астрономын талбарт мөн анхдагч билээ. Одон орон судлалд түүний гаргасан гол гурван санаа нь дэлхийн эргэн тойронд од эрхэс эргэлддэг, дэлхий огторгуйд ямар нэг хүчний тусламжгүйгээр оршин байдаг, од эрхэс бие биеэсээ хол, тодорхой зайд оршдог гэсэн таамаг юм. Анаксимандр мөн нар, сар, оддыг бүтэн тойрог хий хүрээлэн эргэдэг гэж хэлсэн анхны сэтгэгч.

Анаксимандрын хувьд дэлхий дугариг атлаа цилиндр хэлбэртэй, өөрөөр дүрсэлбэл бага бөмбөртэй төстэй аж. Тэрбээр өөрийн цилиндр хэлбэрт дэлхийн газрын зургийг хүртэл гаргасан байдаг. Хамгийн сонирхолтой нь, Анаксимандр сар, нарнаас илүү бусад од эрхэс дэлхийд ойр байдаг гэж үзжээ. Анаксимандрын гариг эрхсийн тухай эдгээр үзэл эртний Грекийнх гэхэд тун сонирхолтой ойлголт байлаа. Тиймээс ч Анаксимандрын ертөнцийг үзэх үзэлд тухайн үеийн Ойрхи Дорнодын гүн ухааны үзэл нөлөөлсөн гэлцдэг. Үнэхээр ч Анаксимандрын үе Тэнхлэгийн эрин буюу Энэтхэг болон Перс, Ойрхи Дорнодын орнуудад гарсан хувьсгалч санал сэдлүүдийн эрин байжээ. Хувьсгалч хэмээх орчин үеийн нэршлийг хэрэглэсний учир энэхүү шинэ төрлийн үзэл санаанд бүх үзэгдлийг бурхадтай холбох санааг үгүйсгэсэн байдаг. Од эрхэс ямар учир шалтгаантайгаар тойрон эргэлддэгийг тайлбарлахдаа Анаксимандр галт эргүүлгийн санааг гаргажээ.

Түүнийхээр, галт эргүүлэг дээрх жижиг цоорхойнууд одод болон гялалздаг. Харин нар, сарны галт эргүүлэг тус бүрдээ цор ганц цоорхойтой. Нарны галт эргүүлгийн цоорхой хаагдах үеэр нарны хиртэлт болох учиртай гэж Анаксимандр үзсэн байна. Анаксимандр дэлхийгээс одод хүрэх зайг есөн бүхэлтийн нэгжээр мөн тооцсон байдаг. Нэг нэгж нь дэлхийн диаметр буюу голчийн хэмжээ юм. Харин яагаад заавал ес гэж? Хесиод болон Хомерийн туульстай энэ нь холбоотой байх талтай. Троя хотынхон есөн жил тэмцсэний эцэст 10 дахь жилдээ грекчүүдэд бууж өгсөн. Одиссей есөн жил энэ тэрүүгээр явсны эцэст 10 дахь жилдээ гэртээ эргэж ирсэн. Тиймээс есийн тоо Анаксимандрын үед урт удаан хугацаа юм уу алс холыг илтгэдэг байж.

Тэгэхээр сар дэлхийгээс хоёр бүхэл ес буюу 18 нэгж зайд, нар гурван бүхэл ес буюу 27 нэгж зайд оршдог гэсэн Анаксимандрын таамаг бодит байдлаас хол зөрүүгүй болж таарна. Анаксимандрын гаргасан өөр нэгэн чухал ойлголт бол апейрон буюу хязгааргүйн ойлголт юм. Өмнө нь Фалес “архэ” буюу бүхний үүсэл болсон элементийг ус гэж үзсэн байдаг. Гэвч Анаксимандр ус, агаар, гал, шорооны алийг ч бүгдийн эхлэл гэж үзээгүй аж. Энэхүү элементүүд үүсэх нөхцөл нь “хязгааргүй” байх ёстой бөгөөд бүгдийн эхлэл болж таарах юм. Анаксимандрын үзсэнээр хязгааргүйг л тодорхойлох боломжгүй бөгөөд хязгааргүй нь ямар нэг шинж чанаргүй. Апейрон ямар нэг эхлэлгүй учир өөрөө эхлэл болох юм. Апейрон ямар ч зүйлээс үүсч бий болоогүй. Энэ нь эхлэлгүйгээс гадна хэзээ ч дуусашгүй, усташгүй, үүрд мөнх гэж Анаксимандр үзжээ.

Тиймээс ч апейрон бүгдийн эхлэл, бүгдийг агуулж байх ёстой. Үүрд мөнх зүйлс тэр дороо бурханлиг байдлыг илтгэх ёстой. Гэвч апейрон бол бурхан биш, зөвхөн бүгдийн эхлэл, дуусашгүй ундарга хэмээн Анаксимандр томъёолсон байна. Пифагорчууд хязгааргүйг сөрөг зүйл хэмээн үздэг байсан бол Аристотель төгс зүйлсийг хязгаартай холбож үздэг байв. Тиймээс Аристотелийн хувьд хязгааргүй нь төгс бус зүйл болж таарна. Үүрдийн энэхүү хязгааргүйн дунд халуун, хүйтнээр үр тогтсон биет болох дэлхий үүссэн байна. Түүнийг тойрон галт бүрхүүл оршин тогтнож байсан бөгөөд аажмаар галт эргүүлгүүд болон хувирчээ. Энэ галт эргүүлгүүд нар, сар, оддыг үүсгэжээ. Ертөнцийн үүслийн талаарх энэхүү үзэл санаа нь хожмын Кант-Лапласын таамгийн удиртгал болсон гэлтэй.

Анаксимандр биологийн талбарт ч онцгой санаа оноогоо илэрхийлээд авчээ. Амьдралын үүслийн тухай түүний үзэл эволюцийн үзэл санааг зөгнөснөөрөө гайхамшигтай. Анаксимандр хүн, амьтан бүгд загаснаас үүссэн гэж үзжээ. Түүний үзлээр бол эрт цагт дэлхий тэр чигтээ усанд автсан байж. Тэрхүү их далайн загас бүх амьтны эх болжээ. Ус аажмаар нарны нөлөөгөөр ууршсаар эх газар бий болсон бөгөөд хуурай газар дээр гарсан загаснууд “хагарч” дотроос нь хүн, амьтад гарсан. Дэлхийн ус хойшид ч ширгэсээр байх ёстой гэж Анаксимандр өгүүлсэн байна. Бусдын эш татсан Анаксимандрын үзэл санааны “үлдэгдлүүд”, хэсэгчилсэн материалуудыг нэгтгэн дүгнэх боломжгүй юм.

Түүний оюун санааны илрэл эгээ л өөрийнх нь нэрийг сийлсэн, дутуу дулимаг баримал адил үлджээ. Гэвч өнөө цагт хүрсэн цөөн зүйлээр дүгнэхэд л Анаксимандр маргаангүйгээр өрнийн ертөнцийн төдийгүй бүх цаг үеийн хамгийн сод сэтгэгчийн нэг гэгдэнэ. Хязгааргүйн тухай ойлголт нь л гэхэд дангаараа түүнийг анхны метафизикч болгоно. Газрын зургийг анх зурснаараа мөн анхны газарзүйч болно. Гэхдээ юу юунаас илүүтэй ертөнцийн талаарх өвөрмөц бодролыг гаргаж ирснээрээ космологийн эцэг гэгдэх учиртай бөгөөд баруун дахь астрономийн шинжлэх ухааныг үндэслэгчийн нэг гэгдэх нь зүйн хэрэг юм.
Сэтгэгдэл:


ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 16:43, 2011-11-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax